Good Friend: Хөшигний ар дахь амьдрал

Хөшигний ар дахь амьдрал

Хөшиг... Бусад хүмүүст харагдуулахгүй байхад ашиглах зүйл билээ. Гадуур алхангаа айлын цонх уруу харах үед энэ хөшигний ард ямар зүйл нуугдаж байгаа бол оо гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх... Харин хүмүүний амьдралд бусад бүү харчихаасай, миний энэ байдлыг бүү мэдчихээсэй гэж хүсэх маш зузаан хөшигөөр өөрийгөө халхлах хүмүүс байх. Тэдний хөшиг хичнээн сайхан өнгө алагласан хээнцэр цэцэгээр дүүрэн ч цаана нь ичгүүр гуниг, айдас хүйдэс, зовлон шаналал нуугдах... Түүнийгээ хэнд ч харуулахыг хүсэхгүй. Тэр байтугай өөрөө ч бодохыг үл хүснэ. За энэ бодролоо орхиод жинхэнэ амьдралтай холбож яръя. Сүүлийн үед залуучууд хэт өнгө зүс, өндөр сайханыг гаднаа харагдуулахыг хичээж өөрийгөө хуурах хөшигний ар дахь амьдралаар амьдрах болжээ. Өөрийн таних нэгэн залуугийн жишээнээс дурьдахад гэр бүлийн амьдрал нь тийм ч сайн сайхан биш боловч хамгийн дэгжин утас, үнэтэй брэндийн хувцас өмсөхийг хичээж олны танил болсондоо ичин энгийн гуанзаар орж хоол ч идэж чадахгүй болсныг сонсож билээ. Түүний хувьд хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гол зорилго болжээ. Ийм төрлийн хүмүүсийг сайн анзаарахын бол хайр гэдэг үгийг сайн ойлгоогүй хүмүүс байдаг. Тэд хэрвээ би ийм сайхан хувцас, утас, машин барьсан байвал бусдад үнэлэгдэж хайрлагдах болно гэдэг. Харин тун удалгүй өнөөх хувцас хуучраад ирэх үед бусдаар хайрлагдахын тулд дахин шинэ хувцас худалдаж авдаг. Яагаад гэвэл хайрын үнэ цэнэ нь түр зуурын зүйлс дээр төвлөрдөг. Харин чи хэн бэ, ямар ажил эрхэлдэг вэ, ямар харагддаг вэ гэдгээс үл хамаарч хайрлуулсан хүн тэр болгон хөшигний ар дахь амьдралаар амьдардаггүй. Яагаад гэвэл тэд юу өмссөн байгаагаас үл хамаарч үнэ цэнэтэй, чухал гэдгээ мэдэрдэг. Хүмүүс үг үйлсээрээ доромжлон дорд оруулсан ч тэд ямар гайхалтай вэ гэдгээ мэдэж л байдаг.
Та үүнийг уншаад би бага байхаасаа л ийм хайраар хайрлагдаагүй ш дээ гэж бодож байгаа бол дараагийн амьдралын тань эргэн тойронд байгаа хүмүүст хайрыг тарьж эхлэ. Тэр үед та хайрын ургац хураах болно. Хөшигний ар талд хөшигтэйгээ адилхан хүмүүсийг татах амьдрал хэрэгтэй. Та бусдыг өөртөө татахын тулд юу хийдэг вэ? Та бусдыг хайрладаг уу? Таны хайр чинь бусдад хэрхэн илэрч харагддаг вэ? Зүгээр л үгээр би хайртай гэж хэлдэг үү? Эсвэл хайртай гэдэг үгийг ч хэлдэггүй юу?
Хөшиг... Өөрөөрөө байхад саад болох хөшигөө авч хаяцгаая. Таны амьдрал хайраар дүүрэн байг.

Comments

0 Response to 'Good Friend: Хөшигний ар дахь амьдрал'